• aA
  • Лавлах: 1800-1188

ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРТ НЭМҮҮ ӨРТГИЙН СҮЛЖЭЭГ ХӨГЖҮҮЛЭХ НЬ ГОЛ ЗОРИЛГО ЮМ

2017-03-17  

Хөдөө аж ахуйн чиглэлээр бизнес эрхлэгч аж ахуй нэгж байгууллагуудад Азийн хөгжлийн банкнаас хэрэгжүүлж буй Хөдөөгийн хөгжлийг дэмжих төслийн зээлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх зорилгоор тус банкны Төсөл хөрөнгө оруулалтын хэлтсийн ахлах ажилтан Г. Оюундэлгэртэй ярилцлаа.

-      Танай банк саяхнаас Азийн хөгжлийн банкны Хөдөөгийн хөгжлийг дэмжих төслийн зээлийг хэрэгжүүлэгчээр шалгарсан. Энэ талаар яриагаа эхлэе.

Манай банкны хувьд байгуулагдсан цагаасаа эхлэн улсын хөгжил болон эдийн засгийн өндөр ач холбогдолтой салбаруудыг дэмжин ажиллаж ирсэн. Азийн Хөгжлийн Банкны энэхүү төслийн 2 дугаар шатны зээлийг дамжуулан олгох болсон нь бидний хувьд хөдөө аж ахуйн салбарын хөгжилд оруулах хувь нэмэрээ нэмэгдүүлэх боломж юм. Тус төсөл нь Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр 2016-2020 он хүртэл хэрэгжих бөгөөд манай банк уг төслийг хэрэгжүүлэгч 5 дахь банкаар шалгарсан юм. Энэхүү төслийн зорилго нь агробизнесийн чиглэлийн хувийн аж ахуйн  нэгжүүдийн нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэхэд хөрөнгө оруулснаар хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийг дэмжин, ядуурлыг бууруулахад хувь нэмэрээ оруулахад оршиж байгаа.
Эдийн засгийн байдал хүндрэлтэй, манай улсад гадны хөрөнгө оруулалт хомсдсон энэ үед хөдөө аж ахуйн салбарынхны хувьд жилийн 7-8 хувийн хүүтэй, урт хугацаатай  зээл авах боломж гарч ирж байгаа нь таатай мэдээ гэдэгт итгэлтэй байна.

-       Энэхүү зээлийг ямар хүмүүс авах боломжтой вэ? Мөн хэрхэн хамрагдах вэ?

Ерөнхий шалгуур нь Монгол улсад бүртгэлтэй хувьцаат компани, хязгаарлагдмал хариуцлагатай компани, эсвэл хоршоо байх, бизнесээ доод тал нь 2 жил явуулсан байх, эсвэл үнэхээр туршигдаж, амжилттай хэрэгжихээ харуулсан бизнес загварыг боловсрулсан шинэ эхэлж буй бизнес байж болно.  Тайлангаа гаргадаг, татвараа төлдөг, сүүлийн 3 жилийн цэвэр ашиг нь 2.5%-с доошгүй, байгаль орчин ба нийгэмд хор нөлөөтэй үйл ажиллагаа явуулдаггүй аж ахуйн нэгжүүд хамрагдах боломжтой. Хэрэв дээрх шаардлагуудыг хангаж байна гэж үзвэл харилцагч манай банкны аль ч салбар дээр очиж төслөө судлуулах боломжтой.

-      Зээлийн нөхцөлийн хувьд танилцуулаач?

Зээлийг хэрэгжүүлэх төслийнхөө онцлог, санхүүгийн шаардлагаас хамаараад төгрөгөөр, эсвэл ам.доллараар авах боломжтой. Төгрөгийн хүү 8%, ам. долларын хүү 7% байх юм. Эргэн төлөлтийн хугацаа 7 жил хүртэл ба үндсэн төлбөрөөс 3 жил хүртэл хугацаанд чөлөөлнө. Зээл олгосны дараа манай банк, АХБ төслийн хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллах ба төсөл хэрэгжихгүй удсан, эсвэл зээлээ зориулалтын дагуу зарцуулаагүй тохиолдолд зээлийг эргүүлэн төлүүлж авах нөхцөлтэй.

-       Тус зээлд хамрагдахыг хүссэн иргэд аж ахуйн нэгжид ямар шаардлага тавигдах вэ?, Юуг голлон анхаарах хэрэгтэй вэ?

Энэ төслийн гол зорилго нь хөдөө аж ахуйн салбарт нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх юм. Жишээ нь зүгээр л самнасан ноолуураа гадагшаа хямд үнээр борлуулахын оронд ноолуураа стандартын дагуу боловсруулаад, ангилаад, чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлээд, өндөр үнээр дэлхийн зах зээлд нийлүүлдэг болгохыг зорьж байгаа гэсэн үг.
Тэгэхлээр энэ зорилгод нийцсэн үйл ажиллагаа эрхэлдэг байх ёстой гэдгийг нэн түрүүнд анхаарах хэрэгтэй. Түүхий эдийг худалдаж аваад л шууд гадагш борлуулдаг байвал дэмжигдэхгүй гэсэн үг. Үүний оронд түүхий эдийг аваад, тодорхой хэмжээнд боловсруулаад, савлаад, олон улсын стандартад нийцүүлээд,  анхны үнийг 10 дахин нэмэгдүүлээд экспортолж байвал дэмжигдэнэ.
Санхүүгийн шаардлагын хувьд, сүүлийн 3 жилийн хугацаанд цэвэр ашиг нь 2.5% -иас дээш байх, төслийн нийт зардлын 15-аас доошгүй хувийг өөрийн эх үүсвэрээр санхүүжүүлэх чадвартай байх, төслийн эдийн засгийн дотоод өгөөж нь 12%-иас дээш, санхүүгийн дотоод өгөөж нь хөрөнгийн жигнэсэн дундаж өртгөөс их байхыг шаардаж байгаа.
Түүнчлэн түүхий эдийн тогтсон, найдвартай эх үүсвэрийг хангасан байх, худалдах, худалдан авах гэрээнүүдийг албан ёсоор байгуулсан байх хэрэгтэй. Мөн байгаль орчин, нийгмийн хамгааллын нөлөөллүүдийг санхүүгийн шалгууртай адил хэмжээнд авч үзнэ гэдгийг анхаарах хэрэгтэй болов уу. Өөрөөр хэлбэл, санхүүгийн үзүүлэлт нь шаардлага хангаж байгаа хэрнээ орчин тойрны оршин суугчдын эрүүл мэндийн хохироож, байгаль орчинд хортой үйл ажиллагаа эрхэлж байвал зээлд хамрагдах боломжгүй гэсэн үг.
 
-      Аж ахуй нэгж байгууллагуудад аливаа нэгэн  зээлд хамрагдахын тулд төсөл бичих зайлшгүй шаардлага тулгардаг. Энэ тал дээр танай банкнаас ямар дэмжлэг туслалцааг харилцагчдад үзүүлэх боломжтой вэ?

Манай банкны зүгээс анхан шатны судалгаа хийгээд, ерөнхий шалгуурт тэнцсэн байгууллагууд АХБ-ны баталсан загварын дагуу төслөө бичих хэрэгтэй болно. Өөрсдийн форматын дагуу бичсэн байсан ч баталсан загварт оруулах юм. Ингэснээр бүх шаардлагатай мэдээллийг нэг дор бэлтгэж, дахин дахин нэмэлт мэдээлэл авч цаг алдахгүй.
Мэдээж анх харахад нэлээдгүй их зүйлс шаардлагатай харагдана. Манай харилцааны менежерүүд болон төсөл хариуцсан нэгжийн зүгээс зөвлөгөө өгч ажиллана. Мөн нэг олзуурхууштай зүйл нь энэ оны 5-р сараас эхлэн АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлаг (USAID)-аас санхүүжүүлэн хэрэгжүүлж буй REACH төслийн баг бизнес эрхлэгчдэд ОУ-ын шаардлагад нийцсэн төсөл бичихэд бүхий л туслалцааг үзүүлж байгаа. Бид уг төсөлтэй хамтран ажилладаг тул манай харилцагчид бидэнд хүсэлт гаргаад, тэднээс туслалцаа авах боломжтой.

-      Зээлийг ямар хугацаанд шийдвэрлэх вэ?

Азийн хөгжлийн банкнаас манай банкаар дамжуулан олгогдох зээл учраас 3-4 сарын хугацаанд судалж шийдвэрлэнэ. Энэ нь ОУ-ын санхүүгийн байгууллагаас зээл авахад шаардагдах  дундаж хугацаа. Аж ахуйн нэгжүүд манай банкны салбаруудад хандаад, ерөнхий шалгуурыг хангаж байвал зээлийн судалгаа эхлүүлнэ. Зээлийг судлаад, манай банк олгох шийдвэр гаргасны дараа Азийн хөгжлийн банк судалж эцсийн шийдвэрийг гаргана. Хэрэв дэмжсэн тохиолдолд тус аж ахуйн нэгж бидэнтэй зээлийн гэрээ байгуулж зээлээ авна. Харилцагч та бүхэн илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл манай салбар нэгжүүдэд хандаж харилцааны менежертэй уулзахыг зөвлөе.

Дэлгэрэнгүй мэдээлэл өгсөнд баярлалаа.



БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН © 2017. Үндэсний хөрөнгө оруулалтын банк
Лавлах утас: 1800-1188