• aA
  • Лавлах: 1800-1188

ДАРХАН-УУЛ АЙМАГТ ШИНЭ ТООЦООНЫ ТӨВ НЭЭЛЭЭ

2017-03-17  

Цас бороо холилдон орсон, зуны тэргүүн сарын шинийн нэгний билэгт сайн өдөр буюу 2012 оны 05 дугаар сарын 21-ны өдөр Үндэсний Хөрөнгө Оруулалтын Банкны Дархан Тооцооны төв шинээр үүдээ нээлээ.

Дархан Уул аймагт үйл ажиллагаагаа эхэлж буй банкны 11 дэхь салбарын нээлтийн туузыг ҮХОБ-ны Гүйцэтгэх захирал Б.Баярсайхан,  Аймгийн хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Д.Будхүү, Монголбанкны захирал Ж.Чинбат, Дархан дахь тооцооны төвийн эрхлэгч Ж.Бадамханд нар хайчлалаа.

Монгол орны аж үйлдвэрийн томоохон төв Дархан хотын анхны суурийг тухайн үеийн Давхрын төмөр замын өртөө, барилгын түүхий эдийн ордуудыг түшиглэн, хуучнаар эдийн засгийн харилцан туслалцах зөвлөлийн гишүүн орнууд болох Зөвлөлт Холбоот улс, Болгар, Польш, Унгар, Чехословак, Герман зэрэг улсуудын техник, эдийн засгийн хамтын ажиллагааны тусламжтайгаар 1961 оны 10-р сарын 17-ны өдөр байгуулсан Монгол Улсын 2 дахь том хот юм. Нийт 91,093 хүн амтай, үүнээс 74,526 хүн Дархан хотод амьдардаг. Нийт хүн амын 64.5 %-ийг 35 хүртэлх насны залуус эзэлнэ. Энэ ч утгаараа Дархан хотыг” Найрамдлын хот”,” Залуусын хот” гэж нэрлэдэг.

Монгол Улсын Хойд бүсийн бүсийн тулгуур төв Дархан хот нь үйлдвэрийн хотын уламжлал бүхий инженерийн болон нийгмийн дэд бүтцийн хөгжил сайтай, аж үйлдвэр, хүнс хөдөө аж ахуйн үйлдвэрлэл хослон хөгжсөн олон давуу талуудтай. Дээрх давуу талуудад суурилан Дархан хотыг  үйлдвэрлэл, шинжлэх ухаан, хүний амьдрах орчны хувьд тэргүүлэх загвар хотын хэмжээнд хөгжүүлэх бодлого боловсруулан хөгжүүлснээр Улаанбаатар хотын хүн амын хэт төвлөрөл багасах, улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийн хувьд ач холбогдолтой гэж үзэн, Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар Дархан хотыг “Загвар хот” болгон хөгжүүлэх хөгжлийн хөтөлбөр боловсруулан ажиллаж байгаа юм байна.

Дээрх их бүтээн босголтын ажлуудад тус салбар тооцооны төв нь өөрсдийн хувь нэмрээ оруулан банк санхүүгийн байгууллагын бүхий л үйлчилгээг хөнгөн шуурхай, найдвартай  Дархан-Уул  аймгийн ард иргэдэд үзүүлэхээр хүсэл эрмэлзэл дүүрэн шинэ ажлынхаа гарааг эхэллээ.



БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН © 2017. Үндэсний хөрөнгө оруулалтын банк
Лавлах утас: 1800-1188