• aA

Үйлдвэрлэлийг хөгжүүлэх нь үндэсний стратеги, тогтвортой бодлогоос эхэлнэ.

2017-10-17  

Үндэсний Хөрөнгө оруулалтын банк байгуулагдаад 11 дэх жилдээ ажиллаж байгаа юм байна. Анх байгуулагдсанаасаа хойших өнөөг хүртэлх хөгжлийн замналаа товчхон дурдвал ямар вэ? Энэ талаар ярилцлагаа эхэлье?

- Манай банкны хувьд 2006 онд нээгдсэн цагаасаа хойш жил бүр тогтвортой өсч, харилцагчид болон үйл ажиллагааныхаа цар хүрээг нэмэгдүүлж ирсэн. Банк бий болох, өнөөдрийн түвшинд хүрэхэд маш олон хүний хөдөлмөр, ур ухаан, сэтгэл шингэсэн. хамгийн чухал нь бидэнд итгэж биднээр үйлчлүүлж ирсэн манай харилцагчид юм. Өнөөдөр 13 салбар, нэгжээр үйл ажиллагаа явуулж эдийн засагт өөрийн хувь нэмрээ оруулан ажиллаж байна. "Global Banking and Finance Review" олон улсын байгууллагаас "Монгол улсын хурдацтай хөгжиж буй харилцагчийн үйлчилгээтэй банк", "Монгол улсын хурдацтай хөгжиж буй байгууллагын банк"-аар тус тус шалгарч байсан. цаашдаа ч банкны бүтээгдэхүүн, үйлчилгээг шинэ түвшинд гаргахаар сэтгэл нэгдэн ажиллаж байна.

Үндэсний Хөрөнгө оруулалтын банк гэхээр бизнесийнхэн л голдуу харилцдаг болов уу гэж бодож байна. Иргэд, харилцагчдын хувьд танай банкны талаар мэдээлэл багатай юм шиг санагддаг. Танай банкны үйл ажиллагааны гол онцлог, давуу тал, зорилт юу вэ?

- Үндэсний Хөрөнгө Оруулалтын Банкны тухай дээрх ойлголт байдаг нь эхний жилүүдэд ихэвчлэн байгууллагын банкны үйл ажиллагаанд төвлөрч байсантай холбоотой. Өнөөдөр манай банкны хувьд иргэд болон аж ахуйн нэгж бүхий л харилцагчдад нээлттэй. Бусад бүх арилжааны банкин дээр байдаг зээл, хадгаламж, карт, пос, интернет банк, мобайл банк, гадаад гүйлгээ, баталгаа батлан даалт, гадаад худалдааны санхүүжилт гээд бүх үйлчилгээг хүргэж байна. улаанбаатар хот, дархан-уул аймаг, Өмнөговь аймагт байгаа салбаруудаар харилцагч ирээд дараалал багатай үйлчлүүлж болж байна. Банкны системд хэтэрхий олон банк байна, одоо өөр зах зээл байхгүй гэж олон хүн боддог. гэхдээ бид банкууд хоорондоо өрсөлдөхөөс гадна дотоод зардлаа бууруулах, технологи нэвтрүүлэх, харилцагчдынхаа зардлыг хэмнэх тал дээр маш их боломж байна гэж харж байгаа. Бид харилцагчдаа аль болох цаг хугацаа хэмнэж интернэт банк, мобайл банк ашиглаасай гэж зөвлөдөг. Бид банкныхаа үнэт зүйлсэд бүтээлч байгууллага, шинэ технологи, үр ашигт гүйцэтгэл гэж тусган ажиллаж байна.

Танай банкны зорилго, зорилтыг үндэсний үйлдвэрлэлийг гадаад, дотоодын хөрөнгө оруулалтаар дэмжихгэж ойлгож байгаа. Монгол улс эдийн засгийн хувьд амаргүй жилүүдийг үдэж байна. Эдийн засгийн хүндрэл, бэрхшээлтэй үед Үндэсний Хөрөнгө Оруулалтын Банк хэрхэн ажиллаж ирсэн бэ?

- Манай банкны хувьд байгууллагын төслийн санхүүжилт чиглэлээр төвлөрч ажиллаж ирсэн. үүсгэн байгуулагдсан цагаас хойш өнөөг хүртэл цөөнгүй төслүүдийг өөрийн санхүүжилтээр санхүүжүүлэхээс гадна ХХААХҮЯ, ЖДҮХСан, Хөгжлийн банк, Монголбанк, Азийн Хөгжлийн Банкны олон төслүүдэд оролцож, дамжуулан зээлдүүлэх замаар үйлдвэрлэгчдээ дэмжиж иржээ. Зээлдэгч, харилцагч нарын хувьд эдийн засгийн хямрал маш хүндээр тусч байна. Энэ бүхэн эргээд зээл төлөлт, санхүүгийн гүйлгээнд сөргөөр нөлөөлдөг. Банкны зүгээс энэ үед харилцагчидтайгаа илүү ойр хамтран ажиллах, хамтарсан хөтөлбөрүүд гаргаж борлуулалтыг дэмжих зэрэг олон талт үйл ажиллагаа явуулж байна.

Та үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх, дэмжих зорилготой банкийг удирдаж байгаа хүн. Тийм учраас Монголд үйлдвэрлэлийг хөгжүүлэх гарц, боломжийн талаар өөрийн гэсэн үзэл бодолтой байх. Монголд үйлдвэрлэлийг хөгжүүлэх ямар боломж, гарц байна вэ? Үүнд банкны системийн гүйцэтгэх үүрэг ч бас их чухал байх. Энэ талаар?

- Үндэсний үйлдвэрлэл гэхээр ихэнхи хүмүүст эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл төсөөлөгддөг. Бид бүх зүйлийг өрсөлдөхүйц нөхцөлтэйгээр үйлдвэрлэж чадахгүй. Ихэнх бүтээгдэхүүнийг хүссэн хүсээгүй гаднаас авах хэрэгтэй. Монголд үйлдвэрлэлийг хөгжүүлэх гарц, боломж гэвэл үндэсний стратеги, хөгжлийн тогтвортой бодлогуудаас эхэлнэ гэж боддог. Бид юуг давуу нөхцөлтэйгээр үйлдвэрлэх боломжтой вэ? ямар давуу тал байгаа вэ? гэдгээ бодолцох хэрэгтэй. Түүнээс биш голлох чиглэлүүдээ удаж төдөлгүй өөрчлөөд ашиггүй төсөлд эдийн засгийн нөөцөө урсгаад байж болохгүй. хамгийн эхэнд экспортын бүтээгдэхүүнүүдээсээ эхлэх боломж байна. Боловсруулж нэмүү өртөг шингээхгүй байгаа түүхий эд, эрдэс, баяжмал, нөөцийнхөө анхан шатны боловсруулалтыг хийдэг үйлдвэрүүд нэн тэргүүнд шаардлагатай байгаа. үүн дээр бидэнд өрсөлдөгч байхгүй гэсэн үг. Банкны системийн үндсэн үүрэг энэ үйлдвэрлэлүүдийг бий болгох санхүүжилтийг дамжуулах, эрсдэлийг хуваалцах, дэмжихээс эхэлнэ.

Монголын банкны системийн өнөөгийн нөхцөл, байдлын талаар таны бодлыг сонсъё. Мөн цаашдын хөгжлийн чиг хандлагын талаар та ямар бодолтой байдаг вэ?

- Банкны систем туулах ёстой үе шатуудаа зах зээлийн хуулийн дагуу туулаад явж байгаа гэж хардаг. Банкны бүтээгдэхүүн, үйлчилгээний төрөл, хүртээмжээр ихэнх улстай харьцуулах юм бол манай систем нэлээн дээгүүр жагсана. Зээлийн хүү, хадгаламжийн хүү, бодлогын хүү аль аль нь өндөр байна. гэхдээ үүнээс ч өндөр үе байсан. Одоо тогтвортойгоор буурч байна. Иргэд хуримтлалын талаар ойлголттой болж байна, хуримтлал хийж байна. компаниудын сахилга бат харьцангуй сайжирч байна. нэг талаас банкны систем гэж харж болох ч нөгөө талаас энэ системийг иргэд, аж ахуйн нэгжийн санхүүгийн боловсрол, санхүүгийн зохистой хэрэглээ, санхүүгийн соёлын толь гэж харж болно. Санхүүгийн боловсрол, хэрэглээ, соёл нэвтрэхийн хэрээр үйлчилгээний чанар олон улсын гэж яригдаж байгаа түвшин лүүгээ дөхнө. Зөвхөн зээл, хадгаламжаар банкийг төсөөлдөг байсан төсөөлөл өөрчлөгдөнө. гэхдээ энэ өөрчлөлт өмнөх жилүүдийн өөрчлөлтөөс илүү хурдацтайгаар явагдах болов уу.

Бас нэг зүйлийг асуухад Монголбанкнаас “Монгол алт” аяныг эхлүүлээд байгаа. Та эдийн засагч хүний хувьд иргэд, аж ахуйн нэгжүүд олборлосон алтаа Монголдоо, Монголбанкинд тушаахын ач холбогдол, давуу талыг манай уншигчдад тайлбарлах уу?

- Монголбанкнаас хэрэгжүүлж буй “Монгол Алт” аяны эдийн засгийн ач холбогдлыг өндрөөр харж байгаа. дэлхийн зах зээлийн үнээр иргэд, ААн-үүдэд хүндрэл багатай, нээлттэй мэдээлэлтэйгээр алт худалдан авч эхэлснээр алтны арилжаа тодорхой хэмжээнд ил гарч ирэх, улсын төсөвт орж ирэх ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр нэмэгдэх, алтны нөөц нэмэгдэх, цаашлаад валютын ханш тогтворжих зэрэг олон сайн үр дүн гарах болов уу. “Алт 2” хөтөлбөрийн хувьд банкууд алтны компаниудыг санхүүжүүлэхдээ ТоС хөтөлбөрийн хүрээнд нөхөн сэргээлтийн асуудлаа бүрэн шийддэг, тухайн орон нутгийн эдийн засагт хувь нэмэр оруулдаг сайн компаниудыг дэмжээсэй гэж уриалж байна.

Ярилцсанд баярлалаа. 



БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН © 2017. Үндэсний хөрөнгө оруулалтын банк
Лавлах утас: 1800-1188