• aA
  • Лавлах: 1800-1188

ХҮҮХЭД ЗАЛУУСЫНХАА САНХҮҮГИЙН МЭДЛЭГИЙГ ДЭЭШЛҮҮЛЭХЭД ХУВЬ НЭМРЭЭ ОРУУЛЛАА

2017-03-17  

Үндэсний хөрөнгө оруулалтын банк нь хүүхэд багачуудад санхүүгийн боловсрол олгох Бяцхан санхүүч NIB аяныг 3 сарын турш зохион байгуулсан билээ. Энэхүү аяны талаар мэдээлэл авахаар тус банкны Бүтээгдэхүүн хөгжил хариуцсан ахлах менежер М.Одончимэгтэй ярилцсан юм.

  • Сайн байна уу. Яагаад Бяцхан санхүүч NIB аяныг та бүхэн зохион байгуулах болсон талаар яриагаа эхлэе.

Сайн байна уу? Юуны өмнө Үндэсний хөрөнгө оруулалтын банктай хамтран ажилладаг нийт харилцагчдадаа банкны маань удахгүй болох 10 жилийн ойн баярын мэндийг хүргэе. Монгол Улсын санхүүгийн тогтвортой байдлыг хангах, санхүүгийн зах зээлийг хөгжүүлэх зорилтын хүрээнд иргэдийн санхүүгийн зах зээлд ухаалгаар оролцох оролцоог нэмэгдүүлэх, оновчтой шийдвэр гаргалтыг дээшлүүлэх зорилгоор “Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг Монголбанкнаас 2015 оны 10-р сараас хэрэгжүүлж эхэлсэн билээ. Манай банк энэхүү хөтөлбөрт нэгдэн хүүхэд, багачуудын санхүүгийн боловсролыг нэмэгдүүлэх зорилгоор “Бяцхан санхүүч NIB” аяныг зохион байгуулахаар шийдвэрлэсэн юм. Нэмээд хэлэхэд, бид “Дэлхийн мөнгөний долоо хоног” ОУ-н арга хэмжээг тохиолдуулан жил бүр өөрийн нийгмийн хариуцлагын хүрээнд ижил зорилготой арга хэмжээг байнга зохион байгуулдаг. 

  • Аяны хүрээнд хийсэн ажлуудаа танилцуулбал?

Үндэсний Хөрөнгө Оруулалтын Банк нь хүүхэд залуусын хөгжилд хувь нэмэр оруулах, тэднийг санхүүгийн тодорхой мэдлэгтэй иргэн болгон төлөвшүүлэх үйлсэд дэмжлэг үзүүлэх зорилгоор ерөнхий боловсролын 4-р ангийн хүүхдийн сэтгэхүйн онцлогт тохируулан санхүүгийн боловсрол олгох тусгай хөтөлбөрийг боловсруулан хичээл заасан. Мөн түүнчлэн хэд хэдэн үйл ажиллагааг зохион байгуулснаас дурьдвал,
 
Нэгдүгээрт, Бяцхан санхүүч хүүхдийн хадгаламжийн бүтээгдэхүүнээ олон нийтэд танигдсан бүтээгдэхүүн болгох зорилгоор “Бяцхан санхүүч NIB” нэртэй баатрыг бий болгож Dream Box ТВ-ын “Бонгын адал явдал” нэвтрүүлгийн багийнхантай хамтран 2 цуврал видео нэврүүлгийг бүтээн үзэгчдэд хүргэсэн. Тус нэвтрүүлгээр манай Бяцхан санхүүч NIB баатар хүүхэд багачуудад мөнгөө хэрхэн зүй зохистой хадгалах ба зарцуулах талаар зааж сургадаг.
 
Хоёрдугаарт, “Дэлхийн мөнгөний долоо хоног” ОУ-ын санхүүгийн боловсрол олгох аяны хүрээнд “БЯЦХАН САНХҮҮЧ NIB” аянаа танилцуулж 3 үе шаттай санхүүгийн боловсрол олгох хичээл, өдөрлөгийг 2 сарын турш Нийслэлийн ерөнхий боловсролын 1, 31, 45, Монгол-Оросын хамтарсан 3-р бүрэн дунд сургуулиудад зохион байгууллаа. Бид хичээлээ бага ангийн “Амьдрах ухаан” хичээлийн цаг дээр орсон. Хичээл маань ЕБС-ын хичээлийн хөтөлбөрт тусгагдаагүй “Мөнгө гэж юу болох, мөнгөтэй хэрхэн харьцах, хуримтлалын ашиг тус, түүнийгээ бага багаар тогтмол нэмэгдүүлэхийн ач холбогдол” зэрэг сонирхолтой сэдвийг хамран сурагчдад сонирхолтой, хөгжилтэй хэлбэрээр заасан нь шинэлэг боллоо. Түүнчлэн хүүхдэд багаас нь мөнгөний үнэ цэнийг ойлгуулж өөрсдөөр нь хэрхэн хуримтлал үүсгэж сургах талаар эцэг эхчүүдэд сургалтыг зохион байгуулсан юм. Мөн манай банкны төв салбараар сурагчид зочилж банкны үйл ажиллагаатай танилцах сонирхолтой аялалыг хийсэн.
 
Гуравдугаарт, санхүүгийн хичээл, зөвлөмжөө бататгах үүднээс дээр дурдсан сургуулиудын 4-р ангиудад хадгаламжийн “Хүслийн хайрцаг” ажиллуулж, хуримтлал үүсгэх зуршлыг бодитоор бий болгохыг зорьлоо. Хүүхдүүд маань өөртөө хадгаламжийн данс нээлгэж, ээж, аав, эмээ өвөөгийнхөө өдөр тутам өгдөг чихэр, ундааны мөнгөнөөсөө “Хүслийн хайрцаг”-таа хийж хуримтлал үүсгэсэн. Нийт 200 гаруй хүүхэд хадгаламжийн данс нээлгэсэн ба тэдэнд Бяцхан санхүүч тооцооны дэвтрийг өгч өдөр тутмын санхүүгээ хэрхэн хөтлөх талаар мөн зааж өгсөн. Багачуудад мөнгөө хадгалах сайн зуршилыг суулгахаар зорьсон бид идэвхитэй мөнгө хуримтлуулсан, тооцооны дэвтрээ сайн хөтөлсөн сурагчдыг шалгаруулан банкны гарын бэлгээр урамшуулав. 

  • Яагаад 4-р ангийн хүүхдүүдийг сонгож авсан бэ?

Бид санхүүгийн боловсрол олгох хичээлийн хөтөлбөрөө боловсруулах явцдаа ЕБС-иудын бага ангийн хичээлийн эрхлэгч нар болон бага ангийн хүүхэдтэй ажилтнуудтайгаа уулзаж саналыг нь авсан. Ингээд 4-р ангийн сурагчид нь 10 настай, хөгжлийн хувьд өндөр түвшинд хүрч, мэдээллийг мэдлэг болгож оюун ухаандаа хадгалж тогтоохдоо ой, сэтгэхүйн үйлдлүүдийг илүү оновчтой сонгож хэрэглэх чадвар төлөвшиж эхэлсэн байдаг онцлогтой гэдгийг олж мэдсэн. Мөн 4-р ангийн хүүхдүүд гэр бүлийнхээ өгсөн мөнгөөр өөрийн хүссэн зүйлээ авахын тулд өөртөө зорилго тавьж хуримтлал үүсгэх, түүнийгээ тооцон тэмдэглэл хөтлөх, захиран зарцуулж сурах тал дээр хурдан дадлагажих хандлагатай гэдэг нь ажиглагдсан.

  • Хүүхдүүдийн эцэг эхчүүд энэхүү үйл ажиллагааг хэрхэн хүлээн авсан бол?

Бид эцэг эхийн хурал дээр очиж аяны хүрээнд зохион байгуулах арга хэмжээ, ач холбогдол, санхүүгийн боловсрол олгох хичээлээ танилцуулсан. Эцэг эхчүүд маш сайхнаар хүлээн авч бидний ажлыг дэмжиж урам өгч байсан нь хадгаламж нээлгэсэн хүүхдүүдийн тооноос харж болно. Энэ дашрамд, бидний саначлагыг дэмжин бодит ажил болоход дэмжин ажилласан эцэг, эхчүүд болон сургуулийн эрхлэгч, багш нартаа талархснаа илэрхийлье. Энэхүү арга хэмжээг тогтмол зохион байгуулах, дундаас дээш ангийнхныг хамруулахыг тэд хүсч байсныг дурьдахад таатай байна.

  • Тус аяны ач холбогдол болон давуу тал нь юу вэ?

13-21 насны хүүхдүүдийн зөвхөн 26 хувь л мөнгийг хэрхэн удирдах талаар аав ээжээрээ заалгасан байдаг гэсэн судалгаа байдаг. Түүнчлэн Дэлхийн банкнаас гаргасан судалгаагаар, иргэдийн маань өрхийн санхүүгийн талаарх мэдлэг дутмаг гэж гарсан байна. Тэгэхээр санхүүгийн боловсрол дутмаг эцэг, эхчүүд хүүхдэд төдийлэн сайн мөнгөний үнэ цэнэ, хуримтлал, мөнгө зарцуулах тухай ойлголт өгч чадахгүй байгаа юм. Аяны маань ач холбогдол бол багачуудыг багаас нь санхүүгийн сахилга баттай болгож, нийгэмд өөрийн байр суурийг олж аливаа асуудлын мөн чанарыг бодитойгоор дүгнэж шийдвэр гаргах болон мөнгөний үнэ цэнийг зөв ойлгож ухаалаг зарцуулах арга ухаанд суралцуулах байлаа. Аянд оролцсон хүүхдүүдийн цуглуулсан мөнгө, зургын уралдаанд ирүүлсэн бүтээлүүд, уг аян эхлэхээс өмнө авсан судалгаа болон хэрэгжиж эхэлсэний дараах судалгаа зэргээс харахад бидний энэхүү ажил үр дүнгээ өгсөн нь харагдсан. Хүүхдүүдэд өөрсдөө хуримтлал хэрхэн үүсгэх аргыг бодитоор харуулж “Хүслийн хайрцаг” анги бүрт байршуулсан нь энэ төрлийн бусад үйл ажиллагаанаас давуу талтай болсон гэж хэлмээр байна.

  • Цаашид энэхүү аянаа үргэлжлүүлэх үү?

Тиймээ. Тус аянаа жил бүр уламжлал болгон зохион байгуулах төлөвлөгөөтэй байна. Гэхдээ зөвхөн ЕБС-ын бага ангиар зогсохгүй, дунд анги, ахлах ангийн сурагчдад зориулсан санхүүгийн боловсрол олгох хичээлийн хөтөлбөрийг боловсруулж хүргэнэ гэсэн бодолтой байна. Мэдээж хүүхэд бүр эдийн засагч, нягтлан бодогч болохгүй, гэхдээ хүүхэд багачууд маань мөнгөний үнэ цэнийг ойлгож зөв зарцуулж, хуримтлал үүсгэж сурах нь ирээдүйд санхүүгийн талаарх зөв шийдвэр гаргах, санхүүгийн сахилга баттай болоход нь туслах юм.

  • Баярлалаа.


БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН © 2017. Үндэсний хөрөнгө оруулалтын банк
Лавлах утас: 1800-1188